Танин мэдэхүйн философи

Лекцийн агуулга:
1.      Эпистемологи хэмээх нэр томъёо
2.      Мэдлэгийн тухай сургаал
3.      Мэдлэгийн төрөл, ангилал
4.      Үнэний тухай үзэл баримтлал
            Мэдлэгийн тухай асуудал аливаа философийн судлах зүйлд ямар нэг байдлаар гарцаагүй багтаж байдаг. Эпистемологи – episteme – шинжлэх ухааны мэдлэгийн тухай сургаал. Аристотель “гносеологи”- танин мэдэхүй гэдэг нэр томъёоноос гадна “episthai” – шинжлэх ухааны мэдлэг гэсэн нэр томъёог ашигласан байна.
            “Эпистемологи” нэр томъёог шинэ үеийн философид анх Шотландын философич Дж, Ф, Ферье 1854 онд нийтлүүлсэн “Метафизикийн үндсүүд ” гэдэг номондоо философийг онтологи, эпистемологи гэсэн хоёр хэсэгтэйгээр тайлбарласан. Үүнээс хойш “танин мэдэхүйн сургаал” эсвэл түүнээс өргөн утгаар “мэдлэгийн тухай сургаал” гэдэг ойлголтыг тус тус илэрхийлдэг болжээ. Мэдлэг бол зөвхөн танин мэдэхүйн төдий  биш түүнээс өргөн хүрээний үр дүн бөгөөд хүн төрөлхтний сэтгэлийн бүхий л давхраа, бүх төвшин тэдгээрийг бий болгодог хүний төрөлх эрхтэн зэрэг нь мэдлэг бий болоход өөр өөрийнхөөрөө оролцдог бөгөөд үндсэндээ мэдлэг бол үзэгдэл, үйл явдалтай шууд харьцаж юмуу, хэлээрээ эсвэл бусад төрлийн дохио тэмдгээр дамжуулан хүлээж авдаг мэдээлэл мөн. Мэдлэгийг янз бүрийн үндэслэгээгээр ангилдаг. Тухайлбал:
1.      Мэдлэгийг төрлөөс нь хамааруулан ёс суртахууны үзлийн, гоо зүйн, шашны, шинжлэх ухааны, философийн гэх мэтээр 
2.      Аяндаа бий болдог мэдлэг, эсвэл зориудын тогтолцоот боловсруулалтын үр дүн болж байдаг уу? гэдэг үүднээс мэдлэгийг ердийн /өдөр тутмын/, онолын гэж хоёр хуваадаг.
3.      Тухайн мэдлэг үнэнийг нээх юмуу, утга оруулах хоёр зорилгыг хэрхэн биелүүлж байгаагаар нь мэдлэгийг танин мэдэхүй, үнэлэмж гэдэг хоёр талтайгаар ойлгож болдог. Гэхдээ зааглаж биш, харин мэдлэгт энэ хоёр талын аль аль нь байдаг гэсэн санааг илэрхийлж байна.
4.      Мэдлэгийг олон янзын төрөлжсөн мэдлэг болгон хуваадаг. Энэ нь тухайн хэв маягийн мэдлэг бол агуулгын хувьд өөр өөрийн онцлогтой, тус бүр нь сайн бэлтгэлтэй, мэргэжсэн хүний судалгааны үр дүн болж  байдаг.
Мөн эпистемологийн түүхийг бүхэлд нь :
1.      Сонгодог эпистемологи /эртний Грек,Ромын үеэс ХIХ-ХХ зууны зааг хүртэлх үе/
2.      Сонгодог биш эпистемологи /ХХ зуун/ гэж хоёр хэсэгт хувааж болно. Энэ нь өмнөх үеийнхээс ялгарах олон онцлог ялгаа бий болсонтой холбоотой. 
Ийнхүү мэдлэгийн үүсэл, оршин тогтнол, үр дүн зэрэгт холбогдон олон янзын байдлаас нэгийг онцлон үндэслэгээ болгон ангилах үйлдлийг ийнхүү үргэлжлүүлж болно.
            Танин мэдэхүйн онол бол танин мэдэхүйн уг чанар, танин мэдэхүйн үйл явцын урьдчилсан нөхцлүүд, үнэн гэж юу болох үнэний шалгуур зэрэг асуудлыг авч үздэг.
Шинжлэх ухааны танин мэдэхүйн үйл явц бол асуудал, гносеологийн атом /анхдагч элемент/, онолын тогтолцоо гэсэн гурван чухал бүрэлдэхүүний харилцан уялдаа, харилцан шилжилт байж, тэнд герменевтик /тайлбарлах, ойлгохуй/ тайлбар маш чухал рольтой байдаг. 
            Мэдлэгийн эх сурвалжийн тухай философи баримтлалууд мэдлэг юунаас үүсдэг асуудлаар хоёр баримтлал философийн түүхэнд хамгийн нөлөө байж иржээ. Тэдгээрийн нэг нь рационализм, нөгөө нь эмпиризм юм. 
            Эртний Грекийн философич Платон рационализмыг илэрхийлж байв. Гэхдээ рационализм сонгодог байдлаар шинэ үеийн философид бий болж , түүнийг Р.Декарт үндэслэсэн. “Рационализм” – reason – оюун ухаан латин үгнээс гаралтай. Гэсэн ч энэ нэр томъёог философийн түүхэнд, өнөөгийн бодит байдалд ч янз бүрийн утгаар хэрэглэгдэж иржээ. Тухайлбал: Шинэ Кантч философи, герменевтик /тайлбарлах, ойлгохуй/, экзистенциализм /оршихуйн/ зэрэг философид ертөнцийг ойлголтоор дамжуулж ухаарахуйг буюу оюун ухааныг, харин шинэ Гегельч философид , шүүмжлэлт реализм зэрэг философид уг язгуурлаг дэг журамт шийнжийг тус тус “рациональ чанар”- /зохист үнэлэмж, зохисгүй үнэлэмж /гэдэг ойлголтоор хэрэглэгддэг.
            Харин шинжлэх ухааны философийн өөр өөр чиглэлийн төлөөлөгчид энэ ойлголтыг ерөнхийдөө шинжлэх ухааны судалгааг тодорхойлогч янз бүрийн хэм хэмжээ, аргын цогц хэмээн  үзэж, улмаар шинжлэх ухааны арга зүйг рациональ чанарын тухай онол гэж тайлбарладаг. Энэхүү шинжлэх ухааны рациональ чанар бол ухамсар ба үйл ажиллагааны жинхэнэ, дээд хэв маяг мөн гэдэг эерэг үнэлэмж гэж баримтлагддаг.

Comments